Амьдрах байрны сонголт, түрээсийн зардал
- Odonzaya A
- Sep 16, 2024
- 3 min read
Updated: Jun 9
Шинэ Зеландад амьдралын өртөг өндөр тул Та тус улсад сурч амьдрах шийдвэр гаргахын өмнө санхүүгийн чадвараа эргэн харж, санхүүгийн төлөвлөгөөтэй байх нь маш чухал. Тус улсад ажил хийж мөнгө олох зорилгоор оюутны виз мэдүүлж ирэх нь одоогоор тохиромжгүй ба ажлын олдоц 2024-2025 онд сайнгүй байгаа тул оюутнуудад цагийн ажил олдох нь удаан байна. Гэхдээ ирээд 1 сар дотроо цагийн ажил олоод хийж байгаа оюутан байхад, 6 сар болсон ч ажил олоогүй нэгэн байна. Тиймээс ажил олж хийх хүртлээ эхний 3-4 сар амьдрах зардалдаа 1 хүний 1 сарын 1,700 NZ$ буюу 3,5 сая орчим төгрөгийг бэлдсэн байхыг зөвлөж байна.
Шинэ оюутан түрээсийн орон сууц, хаус хайхад хугацаа хэрэгтэй ба хамгийн хялбар нь эхний 2-3 сар тавилгатай оюутны юм уу нийтийн байранд амьдрах нь шинэ орчин, шинэ оюутны амьдралд аажмаар, дарамт багатай шилжихэд тустай. Сургуулиуд болон итгэмжлэгдсэн боловсролын зуучууд оюутны байр, бусад түрээсийн байруудтай хамтран ажилладаг тул найдвартай түрээсийн байраар хангаж, хууль ёсны түрээсийн гэрээ хийх, барьцааг шилжүүлэхэд тусалдаг. ONZA Education нь мөн хэд хэдэн байгууллагатай гэрээтэй хамтран ажиллаж байгаа тул бидэнтэй onzaeducation@gmail.com хаягаар холбогдон мэдээлэл авч болно.

Амьдрах зардал нь хот, дүүргээс хамаараад бага зэргийн ялгаатай ба Auckland, Wellington хотууд илүү өндөр өртөгтэй. Үүнд байр, байшин түрээсийн зардал хамгийн өндөр ба бусад өдөр тутмын зардалд хоол хүнс, унаа, эрүүл мэндийн ба бусад ашиглалтын (цахилгаан, дулаан, ус гэх мэт) зардлууд багтана.
Тус улсад гадаад иргэд байр, байшин түрээслэх боломжтой ба байнгын оршин суух визгүй бол худалдан авах эрхгүй байдаг. Түрээсийн төлбөрийг ихэвчлэн 7 хоногоор төлдөг ба гэрээ байгуулахад 4 хүртэлх долоо хоногийн түрээсийн төлбөртэй тэнцэх барьцааг урьдчилан байршуулдаг. Түрээслэх хугацаанд асуудал үүсгэх, байрандаа эвдрэл гэмтэл гаргах, цэвэрлэгээ үйлчилгээ хийлгүй гарах зэрэг тохиолдолд барьцаанаас суутгадаг. Түрээсийн төлбөр тухайн хот, дүүрэгт ямархуу байгааг Засгийн газрын энэхүү вэб сайтаас сонирхсон хаягаа оруулаад харж болно.
Гадаад оюутны хувьд оюутны дотуур байранд амьдрах, дотоодын гэр бүлтэй хамт амьдрах (home stay), хажуу өрөө хөлсөлж амьдрахад түрээсийн төлбөр ялгаатай. Ихэнхдээ сургуулийн хотын төвийн дотуур байр өндөр төлбөртэй байдаг ба хотын төвөөс зайдуу хаусны хажуу өрөө хувааж түрээсэлбэл арай бага түрээсийн төлбөртэй байж болно.

Сургуулийн оюутны дотуур байр нь ихэвчлэн сургуульдаа ойр байрладаг. Ахлах сургуулиа дөнгөж төгссөн шинэ оюутанд, эсвэл үе тэнгийн залуустай хамт оюутны хотхонд амьдрах сонирхолтой бүх насны хүмүүст тохиромжтой.
Зардал: Тавилгатай ба арөөний хэмжээ, тохижилт, хэдэн хүн нэг өрөөнд хамт амьдрах, хоол багтсан эсэхээс хамаарч долоо хоногт 270-700 NZ$ хооронд хэлбэлздэг. Зарим сургуулиуд shared буюу 2 ортой 1 өрөөнд өөр нэг гадаад оюутантай хамт амьдрах сонголт өгдөг. Энэ нь арай хямд ба дунджаар 150 -230 NZD төлөх боломжтой. Үүнд ус, цахилгаан, интернет зэрэг ашиглалтын ихэнх зардал багтсан байдаг ба нийтийн гал тогоо, душ, 0-той.
Боломжит байдал: Хичээлийн жилийн эхэнд буюу 2-р сард өрсөлдөөн ихтэй байдаг тул оюутны байранд амьдрах бол сургуулийн элсэлтийн анкет илгээх үедээ өргөдөл гаргах хэрэгтэй.
Гэр бүлтэй амьдрах байр (homestay) нь ахлах сургуулийн сурагч асран хамгаалагчгүй суралцах үед заавал шаардах ба мөн халамж хэрэгтэй, гэр бүлийн орчинд амьдрах дуртай шинэхэн төгсөгч, эсвэл гадаад гэр бүлтэй өдөр тутамдаа Англиар харилцах сонирхолтой оюутанд тохиромжтой.
Зардал: Тухайн сургуулиас зохион байгуулж, гадаад сурагч, оюутан амьдруулах боломжтой дотоодын гэр бүлүүдийг сонгон шалгаруулж, оюутнуудад санал болгодог. Ихэвчлэн сургуулийн ойрхон байрладаг. Зардал нь хот, байршил, өрөөний хэмжээ, өдрийн хэдэн удаагийн хоол багтсан зэргээс хамаарч долоо хоногт 380-450 NZ$ байдаг.
Дэмжлэг: Гэр бүлтэй хамт амьдрахад хоол, хувцас угаах зэрэг үйлчилгээнүүд, ус, цахилгаан, интернет зэрэг нь түрээсийн үнэд багтсан байдаг ба гэр бүлийн мэт дотно мэдрэмж бүрдүүлж, шинэ гадаад оюутанг дасан зохицуулах амьдралын орчин бүрдүүлэх зорилготой байдаг. Мөн Англи хэлээр өдөр тутамдаа харилцсанаар ярианы хэлээ илүү сайжруулах, киви соёлтой танилцах боломжтой.
Орон сууцны хажуу өрөө, нийтийн байр, хаус түрээслэх нь илүү эрх чөлөөтэй, бие даасан, хувийн орон зайг өгдөг.
Зардал: Аль хотын аль дүүрэгт хэдэн өрөө хаус, орон сууцыг хэдүүлээ нийлж түрээслэхээс хамаарч түрээсийн зардал өөр өөр байдаг. Дунджаар долоо хоногт 250-350 NZ$ төлөх ба үүнд зарим үед цэвэр бохир ус зэргийн үнэ багтсан байдаг бол ихэнх тохиолдолд сарын эцэст гарсан хэрэглээний зардлаа түрээслэгч нар хувааж төлөхөөр тохиролцдог.
Мөн shared буюу 2-3 ортой 1 өрөөг хамтран түрээслэх боломжтой ба энэ нь арай хямд буюу дунджаар 1 долоо хоногт 125-200 NZD төлөх боломжтой. Тиймээс түрээсийн гэрээнд эдгээр зохицуулалтыг тодорхой тусгаж, заавал гэрээ байгуулах хэрэгтэй. Shared өрөөг тухайн дүүргийн Facebook групп хуудсууд, эсвэл үл хөдлөх хөрөнгийн түрээсийн зуучуудын вэб сайтаас хайж болно. Хамгийн түгээмэл ашиrлагддаг сайт нь Trade Me (www.trademe.co.nz), Flatmates Finders (www.flatmatefinders.co.nz), Real Estate (www.realestate.co.nz) зэрэг вэбсайтууд юм.
ОНЗА Боловсрол баг
Comments