top of page

Баттай мэдээллийг Мэргэшсэн зөвлөхөөс аваарай.

Updated: Jan 29

Шинэ Зеландад суралцах талаар зарим нэг буруу мэдээлэл, ташаа ойлголтууд яваад байгаа тул Та бүхэн баттай, сүүлийн үеийн мэдээллийг зөвхөн тус улсын мэргэшсэн Боловсролын зөвлөхөөс авч байгаарай. Манай Зөвлөх А.Одонзаяад (Гэрчилгээ NZCG #17) ирж байгөө түгээмэл асуулт, ташаа ойлголтыг залруулж, дараах мэдээллийг хүргүүлж байна. 

  • Боловсролын зууч бүр тухайн улсын боловсролын тогтолцоо, оюутны визний талаар зөвлөгөө өгөх эрхтэй, мэдлэг, чадвартай гэсэн үг биш. Боловсролын зөвлөгөө өгөх, боловсролын зууч хийх, визний орчуулгын туслалцаа үзүүлэх, визний зөвлөгөө өгөх нь тусдаа үйлчилгээ бас хариуцлага юм.

  • Шинэ Зеландын Цагаачлалын албанаас визний зөвлөгөө өгөх лицензыг аваагүй л бол Боловсролын зуучууд оюутны визнээс бусад визэнд туслах, зөвлөх эрхгүй байдаг. Зеландын жуулчны ба бусад төрлийн визны зөвлөгөөг зөвхөн Шинэ Зеландын хүчинтэй бөгөөд бүрэн лицензтэй Визний зөвлөхөөс (Fully licensed Immigration advisor) авах боломжтой байдаг. Таны визны зөвлөх бүртгэлтэй эсэхийг эндээс шалгаж болно.

  • Хэрэв Англи хэл дундаас дээш түвшинтэй бол заавал 6+ сараар Шинэ Зеландад сурахад Англи хэл сурах албагүй. Богино хугацаагаар буюу 3 хүртэлх сараар сурмаар байвал Visitor буюу жуулчны визтэйгээр сурч болно. Жуулчны визээр ажиллах боломжгүй. Зөвхөн 3+ сараар сурах бол оюутны виз хүснэ. Хэрэв анхан шатны Англи хэлтэй, илүү эрчимтэй, үр дүнтэй суръя гэвэл доод тал нь 6 сар бүтэн цагаар буюу 7 хоногт багадаа 20 цагаар суралцахыг санал болгодог. Богино хугацаагаар суралцах үед ажлын олдоц муу.

  • Ихэнх оюутнууд 6 сараар хэлний бэлтгэлд ирээд дахин 6 сараар сургалтаа сунгаж, оюутны виз дахин мэдүүлж байгаа нь илүү зардал гаргах, цаг хугацаа алдах эрсдэл үүсгэдэг. Тиймээс эхнээсээ боловсролын зөвлөхтэй уулзаж, өөрийн сургалтын төлөвлөгөөгөө ярилцаж, өөрт тохирсон сургалтын ба санхүүгийн төлөвлөгөөгөө гаргах нь сэтгэл зүйн ба санхүүгийн дарамт багатай байж болдог.

  • Виз мэдүүлэхээс өмнө сургалтын төлбөрөө урьдчилан төлөх нь визийг батлах давуу тал болохгүй. Учир нь төлсөн төлбөрийнхөө орлогын эх үүсвэрийг нотлох баримтыг виз мэдүүлэхдээ заавал өгөх ёстой. Хэрвээ Та Шинэ Зеландад байхдаа оюутны виз мэдүүлэх бол сургалтын 1 жилийн төлбөрөө урьдчилан төлөхийг шаарддаг. Харин Шинэ Зеландын хилийн гаднаас оюутны виз мэдүүлж байвал визээ онлайнаар эхлээд өгөх ба виз урьдчилсан байдлаар батлагдсаны дараа сургалтын төлбөрөө төлөхийг зөвшөөрдөг.

  • Ихэнх Магистрын хөтөлбөр 1.5 жил байдаг ба зарим нарийн мэргэжлийн Магистр 2 жил (жишээ нь Master of Counselling), зарим нь 1 жил байдаг. 1 жилийн Магистрын хөтөлбөрүүд зарим үед 1,5 жилийн хөтөлбөрийг шахсан байдаг. Магистрыг 1 эсвэл 2 жилээр суралцаад төгсөх нь сургалтын дараах ажлын визэнд нөлөөлөхгүй ба Магистрын Level 9 гэсэн боловсролын зэрэгтэй төгсөх нь чухал байдаг.

  • Магистрын хөтөлбөрт суралцах гадаад оюутан бүрийн хүүхэд ЕБС-д төлбөргүй суралцах боломжгүй ба зөвхөн Магистрын оюутнаас хамааралтай ажлын визтэй аав/ээжийгээ дагалдах 5-17 насны хүүхэд улсын харьяаны ЕБС-д төлбөргүй суралцах боломжтой. Энэ нь Шинэ Зеландын бүх хот дүүрэгт ижил байдаг.

  • Магистр төгсөөд шууд байнгын оршин суух, иргэншил авах боломжгүй ба магадлан итгэмжлэгдсэн байгууллагад ямар ч төрлийн ажлыг 7 хоногт 30+ цагаар 1 жил хийж, тогтвортой ажлын байрны санал авсан үед оршин суух виз хүсэх эрхтэй болно. 

  • Тус улсад Бакалавр, Магистарт суръя гэж шийдвэл дотоодын 3-4 сарын NZCEL L4 (IELTS 6.0) эсвэл L5 (IELTS 6.5) түвшний академик Англи хэлний сургалт юм уу их сургуулийнхаа Англи хэлний бэлтгэл ангид суралцах нь илүү хялбар бас найдвартай ба IELTS шалгалт өгөлгүйгээр хөтөлбөртөө элсэх боломжтой байдаг. Магистрын хөтөлбөрт Англи хэлний оноо IELTS 6.5 -тэй тэнцэх чадвар шаарддаг ч, зарим нь IELTS 7.0 шаардана (жишээ нь Master of Laws, Master of ECE).

  • Докторын хөтөлбөрт Англи хэлний оноо ихэнхдээ IELTS 6.5 ба Докторт сурахад дотоодын оюутны төлбөр төлж, хүүхдүүд улсын ЕБС-д сургуульд төлбөргүй суралцана.

  • Тус улсын төрийн өмчит 8 их сургууль, 23 орчим политехник коллеж байдаг ба гадаад оюутанд хамгийн өндөр төлбөртэй байдаг. Харин хувийн дээд сургууль, коллежүүдэд гадаад оюутнууд сурах нь түгээмэл ба сургалтын чанар, төгсөөд авах боловсролын зэрэг, дипломын хувьд ижил байдаг ба сургалтын төлбөр бага, илүү уян хатан элсэлтийн системтэй, зорилтот зах зээлээсээ хамаарч, гадаад оюутнуудад сайн хөнгөлөлт, урамшуулал санал болгодог. Хувийн сургуулиудыг магадлан шалгаж, 1-4 түвшин, зэрэглэлд ангилдаг ба Category 1 түвшинтэй сургууль нь хамгийн найдвартай хувийн сургууль юм.

  • Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1 цагийн 23.15 NZ$ ба үүнээс бага цалин санал болгож байгаа бол ажил олгогч хөдөлмөрийн хууль зөрчиж байна. Тогооч хүн жишээ нь хамгийн багадаа 1 цагийн 30 NZ$, замын ажилтан 30 NZ$ авч байхад түргэн хоолны газрын зөөгч 24 NZ$-ын цалинтай байна.

  • Шинэ Зеландад цар тахлын дараах эдийн засгийн хямрал үргэлжилсэн хэвээр байна гэж үзэж байгаа ба 2024 онд ажлын олдоц сайнгүй байсан. 3-6 сараар сурах Англи хэлний оюутанд цагийн ажил олдох нь тийм амар биш ч, тухайн хүний хэлний чадвар, ажлын туршлага, гадаад хүмүүстэй харилцах, ойлголцох, хамтран ажиллах чадвараас мэдээж хамаарна.


Танд асуулт байвал onzaeducation@gmail.com хаягаар бидэнд хандаарай.



ONZA Education

Comments


ONZA kiwi logo
bottom of page