top of page

Амьдрах байрны сонголт, түрээсийн зардал

Updated: Apr 13

Шинэ Зеландад амьдралын өртөг өндөр тул Та тус улсад сурч амьдрах шийдвэр гаргахын өмнө санхүүгийн чадвараа эргэн харж, санхүүгийн төлөвлөгөөтэй байх нь маш чухал.


Шинэ оюутан түрээсийн орон сууц, хаус хайхад хугацаа хэрэгтэй ба хамгийн хялбар нь эхний 2-3 сар тавилгатай оюутны юм уу нийтийн байранд амьдрах нь шинэ орчин, шинэ оюутны амьдралд аажмаар, дарамт багатай шилжихэд тустай. Сургуулиуд болон итгэмжлэгдсэн боловсролын зуучууд оюутны байр, бусад түрээсийн байруудтай хамтран ажилладаг тул найдвартай түрээсийн байраар хангаж, хууль ёсны түрээсийн гэрээ хийх, барьцааг шилжүүлэхэд тусалдаг. ONZA Education нь мөн хэд хэдэн байгууллагатай гэрээтэй хамтран ажиллаж байгаа тул бидэнтэй onzaeducation@gmail.com хаягаар холбогдон мэдээлэл авч болно.



Таны сонирхсон хот, дүүрэгт байрны түрээс ямар үнэтэй байгааг эндээс шалгах боломжтой. Амьдрах зардал нь хот, дүүргээс хамаараад ялгаатай ба Auckland, Wellington хотууд бусад хотуудаас илүү өндөр өртөгтэй. Бусад томоохон хотууд буюу Christchurch, Hamilton, Dunedin, Palmerston North зэрэг хотуудад байрны түрээс 20-30% хямд байдаг. Үүнд байр, байшин түрээсийн зардал хамгийн өндөр ба бусад өдөр тутмын зардалд хоол хүнс, унаа, эрүүл мэндийн ба бусад ашиглалтын (цахилгаан, дулаан, ус гэх мэт) зардлууд багтана.


Тус улсад гадаад иргэд байр, байшин түрээслэх боломжтой ба байнгын оршин суух визгүй бол худалдан авах эрхгүй байдаг. Түрээсийн төлбөрийг 7 хоногоор төлдөг ба гэрээ байгуулахад 4 хүртэлх долоо хоногийн түрээсийн төлбөртэй тэнцэх барьцааг урьдчилан байршуулдаг. Түрээслэх хугацаанд асуудал үүсгэх, байрандаа эвдрэл гэмтэл гаргах, цэвэрлэгээ үйлчилгээ хийлгүй гарах зэрэг тохиолдолд барьцаанаас суутгадаг. Мөн таны барьцааны мөнгө Шинэ Зеландын Засгийн газрын харьяаны түрээсийн санд байрших эсэхийг лавлан баталгаажуулах хэрэгтэй. Байршсан бол танд энэ талаар баталгаажсан захидал барьцаа төлснөөс хойш 7-14 хоногийн дотор шуудангаар ирдэг.


Гадаад оюутны хувьд оюутны дотуур байранд амьдрах, Шинэ Зеланд гэр бүлийн гэрт амьдрах (home stay), хажуу өрөө хөлсөлж амьдрахад түрээсийн төлбөр ялгаатай. Сургуулийн дотуур байранд хоол орсон ба ороогүй гээд сонголтоос хамааран үнэ өөр ба тухтай ч, мэдээж өндөр төлбөртэй байдаг. Auckland хотын нийтийн тээврээр оюутан 40% хөнгөлөлттэй зорчдог тул хотын төвөөс зайдуу хаусны хажуу өрөө хувааж түрээсэлбэл арай бага түрээсийн төлбөр төлж болдог.


  • Сургуулийн оюутны дотуур байр нь ихэвчлэн сургуульдаа ойр байрладаг. Ахлах сургуулиа дөнгөж төгссөн шинэ оюутанд, эсвэл үе тэнгийн залуустай хамт оюутны хотхонд амьдрах сонирхолтой бүх насны хүмүүст тохиромжтой.

    • Зардал: Тавилгатай ба арөөний хэмжээ, тохижилт, хэдэн хүн нэг өрөөнд хамт амьдрах, хоол багтсан эсэхээс хамаарч долоо хоногт 300-700 NZ$ хооронд хэлбэлздэг. Зарим сургуулиуд shared буюу 2 ортой 1 өрөөнд өөр нэг гадаад оюутантай хамт амьдрах сонголт өгдөг. Энэ нь арай хямд ба дунджаар 150 -230 NZD төлөх боломжтой. Үүнд ус, цахилгаан, интернет зэрэг ашиглалтын ихэнх зардал багтсан байдаг ба нийтийн гал тогоо, душ, 0-той. Жишээ нь Victoria University of Wellington оюутнууддаа маш олон сонголт өгдөг. Эндээс үзэж болно.

    • Боломжит байдал: Хичээлийн жилийн эхэнд буюу 2-р сард өрсөлдөөн ихтэй байдаг тул оюутны байранд амьдрах бол сургуулийн элсэлтийн анкет илгээх үедээ өргөдөл гаргах хэрэгтэй.


  • Шинэ Зеланд гэр бүлтэй амьдрах байр (homestay) нь 18 наснаас доош насны ахлах сургуулийн сурагч, асран хамгаалагчгүй оюутан суралцах үед заавал шаардана. Мөн халамж хэрэгтэй, гэр бүлийн орчинд амьдрах дуртай шинэхэн төгсөгч, эсвэл гадаад гэр бүлтэй өдөр тутамдаа Англиар харилцах сонирхолтой оюутанд тохиромжтой.

    • Зардал: Тухайн сургуулиас зохион байгуулж, гадаад сурагч, оюутан амьдруулах боломжтой дотоодын гэр бүлүүдийг сонгон шалгаруулж, оюутнуудад санал болгодог. Зардал нь тухайн оюутны нас хүйсээс гадна хот, байршил, өрөөний хэмжээ, өдрийн хэдэн удаагийн хоол багтсан зэргээс хамаарч долоо хоногт 400-500 NZ$ байдаг. Auckland, Wellington хотууд илүү үнэтэй.

    • Дэмжлэг: Гэр бүлтэй хамт амьдрахад хоол, хувцас угаах  зэрэг үйлчилгээнүүд, ус, цахилгаан, интернет зэрэг нь түрээсийн үнэд багтсан байдаг ба гэр бүлийн мэт дотно мэдрэмж бүрдүүлж, шинэ гадаад оюутанг дасан зохицуулах амьдралын орчин бүрдүүлэх зорилготой байдаг. Мөн Англи хэлээр өдөр тутамдаа харилцсанаар ярианы хэлээ илүү сайжруулах, киви соёлтой танилцах боломжтой.


  • Орон сууцны хажуу өрөө, нийтийн байр, хаус түрээслэх нь илүү эрх чөлөөтэй, бие даасан, хувийн орон зайг өгдөг.

    • Зардал: Аль хотын аль дүүрэгт хэдэн өрөө хаус, орон сууцыг хэдүүлээ нийлж түрээслэхээс хамаарч түрээсийн зардал өөр өөр байдаг. Дунджаар долоо хоногт 250-380 NZ$ төлөх ба үүнд зарим үед цэвэр бохир ус зэргийн үнэ багтсан байдаг бол ихэнх тохиолдолд сарын эцэст гарсан хэрэглээний зардлаа түрээслэгч нар хувааж төлөхөөр тохиролцдог.

    • Мөн shared буюу 2-3 ортой 1 өрөөг хамтран түрээслэх боломжтой ба энэ нь арай хямд буюу дунджаар 1 долоо хоногт 130-190NZD төлөх боломжтой. Shared өрөөг тухайн дүүргийн Facebook групп хуудсууд, эсвэл үл хөдлөх хөрөнгийн түрээсийн зуучуудын вэб сайтаас хайж болно. Хамгийн түгээмэл ашиrлагддаг сайт нь Trade Me (www.trademe.co.nz), Flatmates Finders (www.flatmatefinders.co.nz), Real Estate (www.realestate.co.nz) зэрэг вэбсайтууд юм.


Тус улсад ажил хийж мөнгө олох зорилгоор оюутны виз мэдүүлж ирэх нь одоогоор тохиромжгүй ба ажлын олдоц сайнгүй байгаа тул ялангуяа Англи хэлний чадвар муутай оюутнуудад цагийн ажил олдох нь удаан байна. Бидний туршлагаас ажиглахад ихэнх оюутан 3 сар дотроо цагийн ажил олж хийдэг. Гэхдээ ирээд 1 сар дотроо цагийн ажил олоод хийж байгаа оюутан байхад, 6 сар болсон ч ажил олоогүй нэгэн байна. Тиймээс ажил олж хийх хүртлээ эхний 3-4 сар амьдрах зардалдаа 1 хүний 1 сарын 1,700 NZ$ буюу 3,5 сая орчим төгрөгийг бэлдсэн байхыг зөвлөж байна.



ОНЗА Боловсрол баг

Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
ONZA kiwi logo
bottom of page